Түүхэн замнал

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАНГАЙ СУМЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Сум байгуулагдсан түүх

Эдүгээгийн Хангай сумын оршиж буй нутаг дэвсгэрийг 1921 оноос өмнө Халхын Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны өвөр гол хамжлагын баруун сум хэмээн нэрийдэж байжээ. Гол хамжлагын баруун сум нь 11 багаас бүрдэж байсан ба түүний 7 нь тайж нарын баг, 2 нь саарал адуу, бор адууны баг гэж аж ахуйн нэрээр, 2 нь хатиган, боржигон гэсэн овгийн нэрээр хаяглаж байв. Гол хамжлагын баруун сум нь хойд болон зүүн талаараа өөрийн хошууны гол хамжлага Зүүн сумтай, баруун талаараа Эрдэнэ ван Жонон бэйсийн хошуу, өмнөд талаараа Сэцэн чин вангийн хошуу, Шива ширээт гэгээний шавьтай хил залган оршиж байв.

Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж, Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан, Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж, БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн байна.

Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэртэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум хойноос өмнө зүг 45 км, баруунаас зүүн зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөд талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Гурван булаг, Баруун хойд талаараа Цахир, хойд талаараа Тариат, зүүн хойд, зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумуудтай хил залган оршиж байв.

Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46.8%-ийг, эмэгтэйчүүд 53.2%-ийг эзлэж байсан ба хүн амын 96.3% нь ард, 3.7% нь тайж, бүх эрэгтэйчүүдийн 9.2% нь лам нар байжээ. 1934 оны хавар хийгдсэн тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байв. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харьяаллаар зохион байгуулахад өрхийн тэргүүлэгчдийн 43-68% нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж, улс орныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцэж байжээ.

Сумын хүн ам, малын тоог сонирхуулбал:

Он Баг Өрх Хүн ам Малын тоо Үүнээс үхэр
1926 6 158 675 12300
1933 8 709 2600 43500
1993 6 785 3494 47546 19558
2002 6 922 3477 42763 17609
2008 6 890 2805 77224 25289
2020 6 979 3255 130090 43030

Хангай сум нь 1926 оны байдлаар 6 баг, 158 өрх, 675 хүн ам, 12300 малтай, 1933 оны байдлаар 8 баг, 709 өрх айл, 2600 хүн ам, 43500 малтай болж өргөжсөн ба 2020 оны байдлаар Ноёнхангай, Тэрх, Чандмана, Арбаясгалан, Гичгэнэ, Баян-Улаан  гэсэн 6 багийн  нийт  987 өрх айл, нийт 3255 хүн ам, 130090 малтай болжээ. Үүнээс хөдөөд 730 өрхийн 2484 хүн, сумын төвд 257 өрхийн 771 хүн амьдардаг.