Өнөөгийн байдал

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Хангай сумын төв нь:

  • Улаанбаатар хоттой 670 км асфальтан замаар холбогдсон ба “Мянганы зам”-ын төв магистрал замын Урд, Хойд Тэрхийн голын уулзвар дээр баригдсан гүүрнээс урагшаа 30 км зайд оршино.
  • Архангай аймгийн төвөөс баруун тийш 220км зайд байрладаг.

Хангай сум нь Архангай аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд байгалийн бүс бүслүүрээр нутаг дэвсгэрийн 50% нь ой модгүй хээрийн бүсэд, 50% нь ой мод бүхий ойт, хээрийн бүсэд хамаардаг өвөрмөц онцлогтой. Энд хээрийн бүсийн нөлөө ихээхэн ажиглагддаг болно. Хангай сум нь гадаадын жуулчид их хэмжээгээр аялдаг Хоргын үзэсгэлэнт Тэрхийн Цагаан нуурыг усаар тэтгэдэг Тэрхийн голын урд хэсэгт байрлах ба харамсалтай нь сүүлийн жилүүдэд Тэрхийн Цагаан нуурын усны төвшин 2м хүртэл хэмжээтэйгээр буурсан тухай эрдэмтдийн судалгаа байдаг. Иймд Тэрхийн Цагаан нуурын усны эх үүсвэр болсон Тэрхийн гол болон түүний орчинд мод тарьж, хөрс хамгаалах, ус тогтоон барих экосистемийн үйлчилгээг дэмжих нь хамгаас чухал байгаа юм. Сумын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш 2000 м өндөрт өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл орчим байдаг.

Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, гүвээ толгод бүхий тал хээр зонхилсон байх тул мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

Газар нутгийн хэмжээ

Хангай сумын нийт газар нутгийн талбайн хэмжээ 438.5 мян.га бөгөөд үүнээс хөдөө аж ахуйн зориулалттай газар 75.7%-ийг эзлэн зонхилох ба тусгай хэрэгцээний газар 13.5%-ийг, ойн сан бүхий газар 10.5%-ийг, усан сан бүхий газар 0.2%-ийг тус тус эзлэнэ (хүснэгт-1).

Хүснэгт-1. Хангай сумын газрын нэгдмэл сангийн ангилал

д/д Зориулалт Tалбайн хэмжээ (мян.га) Эзлэх хувь

(%)

1 Хөдөө аж ахуйн газар 332.0 75.7
2 Тусгай хэрэгцээний газар 59.1 13.5
3 Ойн сан бүхий газар 46.1 10.5
4 Усан сан бүхий газар 1.0 0.2
5 Тосгон, суурингийн газар 0.1 0.0
6 Зам, шугам сүлжээний газар 0.2 0.1
Нийт 438.5 100

Цаг агаар

Хангай сумын нутаг дэвсгэр хамаарах бүс нутаг нь хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэн өвөлтэй мужид хамрагдана. Хамгийн хүйтэн 1-р сарын дундаж температур -23°С, хамгийн дулаан 7-р сарын дундаж температур +21°С, жилийн дундаж салхины хурд 4-7 м/с, жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 300-400 мм байна. Сүүлийн 15 жилд хүчтэй шороон шуурганы тоо 2-3 дахин ихэсч (гистограмм-1), олон малчин айлын гэрийг эвдэж сүйтгэсэн байгалийн аюултай үзэгдэл тохиолдсоор байна. Шороон шуургатай өдрийн дундаж тоо 28 байна.

Гистограмм-1. Шороон шуургатай өдрийн тоо

(Эх сурвалж: www.1212.mn, Цэцэрлэг станц)

Хүн ам

            Хангай сумын хүн амын тоог сүүлийн 10 жилээр гарган, хүснэгт-2 болон гистограмм-2-т үзүүлэв. Тус сумын сумын хүн амыг сүүлийн 7 жилээр авч үзвэл 2015 онд 27 хүнээр, 2019 онд 11 хүнээр буурсан бол бусад онуудад хүн ам нэмэгдэж, 2020 оны байдлаар 3255 иргэдтэй болжээ. Сүүлийн 4 жилд хүн ам эрс өссөн байна (гистограмм-2).

Хүснэгт-2. Хангай сумын хүн амын тоо

Баг 2014 2015 2016 2017 2018 2019 2020
1-р баг, Чандмань 478 501 498 506 500 496 505
2-р баг, Гичгэнэ 316 302 298 306 313 310 323
3-р баг, Арбаясгалан 478 479 475 473 496 521 529
4-р баг, Баян-Улаан 451 442 447 460 465 464 467
5-р баг, Тэрх 592 603 596 621 631 627 660
6-р баг, Ноён хангай 825 786 812 814 801 777 771
Cумын хэмжээгээр 3140 3113 3126 3180 3206 3195 3255

Гистограмм-2. Хангай сумын хүн амын тоо (2016-2020)

(Эх сурвалж: www.1212.mn)

Хангай сумын нийт хүн амыг 2016 оныхтой харьцуулахад сүүлийн 5 жилд 129 хүнээр нэмэгджээ. Сумын хүн амыг баг тус бүрээр авч үзвэл зөвхөн Ноёнхангай багийн хүн ам 33 хүнээр буурсан бол бусад 5 багууд бүгд нэмэгдсэн байна. Тухайлбал, Чандмань багийн хүн ам 9 хүнээр, Гичгэнэ багийнх 18 хүнээр, Арбаясгалан багийнх 65 хүнээр, Баян-Улаан багийнх 16 хүнээр, Тэрх багийнх 54 хүнээр тус тус нэмэгджээ.  Хамгийн их хүн амтай нь сумын төв буюу Ноёнхангай баг (779 иргэд) ба харин хамгийн баг хүн амтай нь Гичгэнэ баг (316 иргэд) байна.

Сумын нийт хүн амын  11.6%-ийг 0-4 хүртэл насны хүүхэд, 27.2%-ийг сургуулийн насны сурагчид, 24.6%-ийг 20-34 насны залуус, 26.7%-ийг 35-54 насны иргэд, 9.8%-ийг ахмад настан эзэлж байна. 2020 оны байдлаар өрх толгойлсон 135 иргэн, ахмад настан нийт 339, хөгжлийн бэрхшээлтэй 133 иргэн байна.

Хүснэгт-3. Сумын нийт өрх, ажилгүй иргэд болон өрх толгойлсон иргэдийн тоо

Үзүүлэлт Он
2014 2015 2016 2017 2018 2019 2020
Хүн амын тоо 3140 3113 3126 3180 3206 3195 3255
Эрэгтэй 1581 1575 1578 1601 1615 1601
Эмэгтэй 1559 1538 1548 1579 1591 1594
Өрхийн тоо 946 936 950 963 976 956 987
Өрх толгойлсон 118 135
Ажилгүй иргэдийн тоо 71 80

Ажилгүйдэл, ядуурал

Суманд 2020 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй 80 иргэд байгаа ба ажилгүй иргэдийн тоо жилд дунджаар 9 иргэнээр нэмэгдэж байна. Нийт ажилгүй иргэдийн 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Бүртгэлтэй, ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9%-ийг тусгай дунд,  16%-ийг бүрэн дунд, 37%-ийг бүрэн бус дунд, 38%-ийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Хүнсний талонд 65 өрхийн 317 иргэн хамрагдаж байна. Бусад сумуудтай харьцуулахад амьжиргааны доогуур төвшинтэй иргэдийн тоо харьцангуй их байна.

Малчдын тоо, мал сүрэг

Сумын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 130.09 мян.толгой мал тоологдсоноос хонин сүрэг зонхилж байна. Нийт мал сүргийн 36.3%-ийг хонь, 33.1%-ийг сарлаг, 21.7%-ийг ямаа, 8.9%-ийг адуу тус тус эзэлж байна. Малын төрөлд тэмээ байхгүй (хүснэгт-4).

Хүснэгт-4. Малчдын тоо болон малын тоо төрлөөр (мян.толгой)

Малын төрөл Он   Хувь
  2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 %
Малчдын тоо 1170 1107 1072 1063 1073 1148 1154 1094 1098 1102
Адуу 5.8 6.1 6.6 7.4 7.8 8.6 9.6 10.3 11.3 11.66 8.9%
Сарлаг 25.4 28.0 31.3 35.7 38.7 29.8 33.9 35.9 41.8 43.03 33.1%
Хонь 26.6 27.6 29.0 33.0 35.1 35.5 40.8 45.6 50.5 47.22 36.3%
Ямаа 21.7 21.4 21.5 23.3 24.3 22.8 25.2 28.4 31.4 28.18 21.7%
Малын нийт тоо 79.5 83.1 88.4 99.4 105.9 96.7 109.5 120.2 135.0 130.09 100%

Хангай сумын малчдын тоог баг тус бүрээр авч үзвэл 2020 оныг 2016 онтой харьцуулбал сүүлийн 5 жилд Чандмань багийн малчны тоо 31-ээр, Арбаясгалан багийнх 25-аар, Тэрх багийнх 1-ээр буурсан байгаа бол Гичгэнэ багийн малчдын тоо 1-ээр, Баян-улаан багийнх 6-аар, Ноёнхангай багийнх 4-өөр тус тус нэмэгдсэн байна.

Гистограмм-3. Хангай сумын малын тоо багаар (мян.толгой)

Сумын нийт өрхийг 2016 оныхтой харьцуулахад сүүлийн 5 жилд 29 өрхөөр нэмэгджээ. Өрхийн тоог баг тус бүрээр авч үзвэл Чандмань багаас 6 өрх, Ноёнхангай багаас 15 өрх хасагдсан бол Арбаясгалан баг 22 өрхөөр, Баян-Улаан баг 6 өрхөөр, Тэрх баг 15 өрхөөр, Гичгэнэ баг 7 өрхөөр тус тус нэмэгджээ.

Зам тээвэр. Сумын газар нутгийн хойд хэсгээр Улаанбаатар хотоос Завхан, Увс аймаг орох “Мянганы зам” асфальтан зам дайран өнгөрдөг. Сум орох зам нь ямар нэгэн саад бартаагүй болно. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Хангай сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон ба 2005 онд баригдаж ашиглалтанд орсон 10кВт-ын дэд станцтай.

Хүснэгт-5. Эрчим хүчний дэд станцууд

д/д Үзүүлэлт АТП-1 АТП-2 АТП-3
1 Дэд өртөөний байршил ЗДТГ зүүн талд Хаан банкны урд Сумын урд талд
2 Хүчний хувьсгуурын марк 10/0.4 кВа 100 кВа 100 кВа
3 Дэд өртөөний ачааллын хувь 100 100 100

 

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг байхгүй. Сумын төвийн хойд талаар Тэрхийн гол урсдаг учраас усан хангамж харьцангуй өндөртэй ба сумын иргэд Тэрхийн голоосоо хэрэгцээнийхээ усыг хангадаг. Төвлөрсөн ус хангамжийн систем одоогоор байхгүй болно.

Дулаан хангамж. Сумын төвд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд төвлөрсөн нэгдсэн дулаанд холбогдоогүй, тус тусдаа халаалтаа шийдвэрлэсэн. Тухайлбал, хамгийн том барилгатай ерөнхий боловсролын сургууль НРЖ маркийн 2 зуухны 1-ийг нь ажиллуулж, дулаанаа хангадаг. Халаалтын 2 дах зуухаа нөөцөнд хадгалсан.