Ковидын эмчилгээнээс арбидол эмийг хассан нь эм ханган нийлүүлэгчдийг алдагдалд оруулах эрсдэлтэй

Төрийн ордонд болж буй хөрөнгө оруулагчдын уулзалтаас


Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар төрийн өндөрлөгүүдэд хандаж үг хэллээ.
-Мэргэжлийн хяналтын 3200 байцаагч аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин ажилладаг. Тэднийг нэг хэсэг  ажиллуулахгүй байх саналыг тавьж байна. Энэ хугацаанд тухайн аж ахуйн нэгж ямар нэг зөрчил гаргавал хариуцлагыг нь ажил олгогчид хүлээх болно. Мөн 100 сая төгрөгийн борлуулалттай байгаад 150 сая төгрөгт хүргэсэн ААН-ийн зөрүү 50 сая төгрөгийг татвараас хасаж өгнө үү. Энэ нь хувийн хэвшлийнхэнд маш том дэмжлэг болно.

Эмийн холбооноос дараах мэдээллийг өглөө:
-Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байв.

Тусгай коридор үүсгэн, эм, эмнэлгийн хэрэгслийг гаалиар хурдан оруулах шаардлагатай байна.  Учир нь импортын эм Замын-Үүдэд ихээхэн саатаж байна. Тээврийн зардал 3-5 дахин өссөн. Ковидын нөхцөл байдлыг харгалзан эм ханган нийлүүлэгчдэд хүүгүй зээл өгөөч гэв. Ерөнхий сайд “Төр ингэж шийдвэрээ өөрчилж болохгүй. Үнэхээр ийм зүйл болсон бол би харамсаж байна. Эрүүл мэндийн сайд энэ асуудалд анхаараарай” гэв.

Эрүүл мэндийн яамнаас “Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хассан гэдэг нь ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг байсныг өөрчилж, томуу томуу туст өвчин, САРС2, ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно. Түүнээс огт хэрэглэхгүй, хассан гэсэн үг биш юм. Эмчилгээнд хэрэглэж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва:


-Малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгч хүртэлх оролцогч талуудтай манай холбоо уулзаж, саналаа нэгтгэсэн. Өнөөдөр хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна.

Худалдааны тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна.

Уулзалтад оролцогчид үг хэлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны улсын төсвийн онцлох заалтуудыг танилцуулав:
-Хийн хоолойн төсөл ирэх 2-3 жилд хэрэгжих том төслүүдийн нэг юм. Засгийн газарт 1.2 их наяд төгрөгийн орон зай үлдсэн. Тодруулбал Засгийн газар ийм хэмжээний өр зээл авах эсвэл баталгаа гаргах боломж үлджээ. Орлого авчрах төслүүдэд илүүтэй хөрөнгө оруулна. Хөдөө руу хөрөнгө оруулахыг дэмжинэ. Урсгал зардлаа өсгөхөөс зайлсхийнэ. Боомтуудыг авто замаар холбоно. Экспортыг дэмжих авто замуудыг барина гэв.

Эх сурвалж: https://gogo.mn/

Хариулт үлдээх