ХАНГАЙ СУМАН ДАХ “КОВИД-19” ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2021 оны 10-р сарын 29-ний байдлаар Хангай суманд коронавирусын халдвар авсан нь батлагдсан нийт 276 тохиолдол болж байна. Сумын Эрүүл мэндийн төвд коронавирусын халдвартай нийт 38 иргэд эмчлүүлж байгаагаас хүүхэд 15 буюу 39.4%-ийг эзэлж байна.

Сумын 5 байгууллагуудын нийт 147 албан хаагчдаас 39 буюу 26% нь 8-10-р саруудад коронавирусын халдвар авч, эмчлүүлэн эдгэрсэн байна. Харин албан байгууллагуудын хувьд өнгөрсөн 14 хоногт коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээтэй.

Сургуулийн хүүхдүүдийн хувьд коронавирусын сэжигтэй тохиолдол өдөрт 10-аас буурахгүй, анги бүрээс ээлжлэн гарч байна. Эрүүл мэнд болон Боловсролын яамны журмаар коронавирусын халдвар авсан тохиолдол 1 өдөрт 1 ангид 3-аас дээш илрэх үед тус ангийг цахим сургалтанд шилжүүлэх заавартай юм.

Хангай сумын Онцгой байдлын ШУУРХАЙ ШТАБ сумын коронавирусын халдварын тархалт, тохиолдол, вакцинжуулалтын талаар 7 хоног бүр аймгийн Онцгой байдлын газарт мэдээллээ илгээж байна. Сумын хэмжээнд дархлаа дэмжих 2-р тунд иргэдийн 81% хамрагдсан. Энэ нь насанд хүрсэн бүх иргэд 100% хамрагдсан гэж ойлгож болно.

Дархлаа дэмжих нэмэлт 3-р тунгийн хамрагдалт эрчимжиж байгаа ба сумын эрүүл мэндийн төв нь алслагдсан Тэрх, Баян-Улаан багуудад явуулын вакцинжуулалтыг ажиллуулж байна. Өнгөрсөн 7 хоногт 3 дах тунг хийх явуулын вакцинжуулалт Тэрх, Баян-Улаан багт ажиллаж, нийт 167 иргэд хамрагдсан байна. Сумын төвд 73 иргэд хамрагджээ.

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ДЭГЛЭМИЙГ ЧАНД БАРИМТЛАН, ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЦГААЯ.

ХАНГАЙ СУМЫН ШУУРХАЙ ШТАБ