Ноёнхангай баг нь сумын төвийн баг бөгөөд нийтдээ 30.7 мянган га нутаг дэвсгэртэй. Тус багийн нутаг дэвсгэрт Засаг даргын Тамгын газар, 9 жилийн дунд сургууль, эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв зэрэг төсвийн байгууллагууд, “Таван тогоо”, “Чаминцэцэг”, “Мөнхсэцэн”, “Хос хаш эрдэнэ”, “Ноёны хишиг”, “Өтгөн сүү” зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус багийн нутаг дэвсгэрт Ноёнхангай, Хатанхангай уулсын баруун хойд ар хормойд далайн түвшинээс дээш 2370м өндөрт өргөгдсөн газарт халуун рашаан оршино. Энэхүү халуун рашаан нь сумын төвөөс 17 км, Архангай аймгийн төвөөс баруун тийш 240км зайд оршдог. Рашаан нь бага зэрэг хүхэрлэг үнэр, амттай, өнгөгүй тунгалаг, нөөц ихтэй юм. Ноёнхангайн рашааныг элэг, цөс, ходоод, таван цул зэрэг дотор эрхтэнд ууж хэрэглэх ба бөөр, нүд, чих, эмэгтэйчүүдийн өвчин, ядаргаа зэрэгт шавших болон орж хэрэглэнэ. Үе мөч, гоо сайхны зориулалттай ашигладаг шавар эмчилгээтэй.
Багийн дарга
Ноёнхангай багийн өмнөх үеийн даргаар Г.Хайнзансамбуу, Б.Чогсомжав, В.Гомбосүрэн, Б.Бадамсэд, Я.Баяраа, Н.Эрдэнэчулуун нар ажиллаж байсан ба 2021 оноос М.Даваацэрэн ажиллаж байна.