ТЭРХ БАГ

Хангайн сумын одоогийн Тэрх баг нь 1959 онд тухайн үеийн нийгмийн байгууллын Хөдөө аж ахуйн нэгдлийн 1-р бригадын төв “Тэрх бригад” нэртэйгээр Өндөр бөөрөг хэмээх газар байгуулагджээ. 1959 оноос өмнө 1 ба 2-р багтай байсан ба Өндөрбөөргөөс дээш газар нутгийг 1-р баг, бөөргөөс доош Унтаа, Ямаат, Мөрөн, Хөлөрт, Туулай, Их мухар гэсэн газар нутгийг 2-р баг гэж нэрлэж байв.

Бригадын дарга н.Гэндэнжамцыг ажиллаж байх үед Тэрх бригад нь ажил хөдөлмөрөөрөө шалгаран, Архангай аймагтаа 3-р байр эзлэж, хөөмөл мөнгөн азарганы дүрс бүхий дурсгалын зүйл, тэргүүний хамт олныг сайшаасан бичиг бүхий дурсгалын хамбан тугаар шагнагдаж байв. Д.Ганбат даргатай Тэрх баг нь 2018 онд аймгийн хэмжээнд 101 багуудын хооронд зохион байгуулсан болзолт уралдаанд шагналт 4-р байр эзлэж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байв.Т.Гэлэгжамц 1950-аад онд 1 удаа, 1980-аад онд Ш.Мягмаржав 2 удаа Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ.

Зураг-1. Тэрх багийн төв

Тэрх баг нь урлаг, соёл, спорт, хөдөлмөр бүтээлээрээ амжилт гарган, үлгэр дууриал болсон олон алдартнуудтай. Алдартнуудаас 1981 онд БНМАУ-ын аварга малчин болсон Ш.Мягмаржав, Төрийн шагналт инженер, зохион бүтээгч Я.Содномбалжир, н.Дүгэрсүрэн, сум нэгдлийн дарга Д.Мишигдорж, Д.Батмөнх, СТА, Цэргийн ансамблийн дуучин байсан С.Пүрэвжал, СТА, аймгийн хөгжимт драмын ордны дуучин байсан П.Баярмагнай, 1960-аад онд сумын заан болсон Лууяа хэмээх Лувсанренчин, 1960-1970-аад онд сумын заан болсон С.Долгоржав, 1980-аад онд сумын заан болсон Н.Пүрэвсүрэн, сумын заан, 100 эмнэг сургалтын спортын мастер В.Зинаа, СТА, Уртын дуучин Э.Болормаа, Даамын олон улсын хэмжээний мастер, Азийн аварга Б.Отгон-эрдэнэ, Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Б.Ганбазар нарыг алдаршуулан бичихэд таатай байна.

Тус багаас өнөөгийн байдлаар 8 иргэд “Аймгийн аварга малчин”, давхардсан тоогоор 10 иргэд “Мянгат малчин”-аар тодорсон ба 2020 онд Ж.Базаргүр, Б.Пүрэв-очир, Ж.Эрдэнэбаяр нар сумын “Мянгат малчин”, 2017 онд П.Сүхрагчаа, Ж.Бадраа, Д.Болдбаатар, М.Мишигдорж, 2018 онд Ч.Гантулга, 2019 онд Г.Гантулга, 2020 онд А.Ганчөдөр, 2021 онд Д.Бүрэнхангай нар “Аймгийн аварга малчин” болон “Мянгат малчин” болжээ.

Тэрх багийн иргэн, яруу найрагч Б.Ганбазар нь “Замаг зуусан чулуу”, “Тэнгэрийн бичээс” гэсэн шүлгийн ном гаргасан ба 2014 онд Архангай аймгийн “Тулгын чулуу” яруу найргийн наадамд 3-р байр эзлэсэн ба тус ондоо аймагт зохион байгуулсан “Болор цом” наадамд өөрийн зохиосон шүлгээ уншиж оролцсон байна.

Социалист нийгмийн байгууллын үед Тэрх бригадын даргаар Гэндэнжамц (1975-1980), Гэндэнбаатар (1980-1982), В.Балжинням (1982-1986), Жамъянсүрэн (1986-1987), Самданпэрэнлэй (1987-1989), Ж.Пүрэвдорж(1989-1991) ажиллаж байсан ба зах зээлийн нийгмийн байгуулалд шилжсэн үед багийн Засаг даргаар Н.Баянтөр (1991-1993), Г.Батсүх (1993-1995), Г.Төрбат (1995-1997), Ч.Соёмбо (1997-2000), Н.Мягмар (2000-2004), Р.Бат-Амгалан (2004-2008), Н.Мягмар (2008-2012), Б.Олзвой (2012-2016) нар ажиллаж байсан ба 2016 оноос одоог хүртэл Б.Ганбат ажиллаж байна.

Тэрх багийн эмчээр 1972-1983 онуудад Ж.Бат-Өлзий, Б.Мягмаржав гэсэн гэр бүлийн 2 эмч олон жил ажилласан байдаг ба 1983-1991 онуудад Б.Пүрэвдорж, 1991 оноос хойш Г.Пагмасүрэн, Т.Оюунбилэг, Сандаг, Дүүрэнгэрэл, Л.Хармагийн төгөл, Б.Мөнхзул нар ажиллаж байсан, 2019 оноос Ц.Золжаргал ажиллаж байна.

Социалист нийгмийн байгууллын үед бригадуудад агент хэмээн нэрлэдэг хүнсний худалдааны үйлчилгээ үзүүлдэг нүүдлийн цэг ажилладаг байсан ба 1960-70-аад онуудад тухайн үеийн агентаар Лувсанцэрэн, 1970-аад онд Хишигжаргал, 1980-1983 онуудад Г.Гүрсэд, 1983-1991 онуудад С.Бүрэнжаргал нар ажиллаж байв. Тус багт иргэн Ж.Нарантуяа нь хувийн дэлгүүр ажиллуулж байна.

Тус багийн малын эмчээр Ж.Пүрэвдорж, Р.Мижиддорж, Булган, Өнөрсайхан, Т.Оюунбилэг нар ажиллаж байсан ба одоо Л.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Тоо бүртгэгчээр Хишигжаргал, Самданпэрэнлэй, Тогтохбаяр, Чулуунхишиг, Ж.Батсуурь нар ажиллаж байв.

Тэрх багийн харъяат ахмад багш Ч.Дарамрагчаа, Г.Гончигдорж, Т.Догсмаа, Д.Цэцэгмаа, Б.Хандмаа, С.Буянсанж нар үр хойчоо сурган хүмүүжүүлэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэрх багийн бага сургууль байгуулагдсан түүх

Тэрх баг нь сумын төвөөс алслагдсан, тухайн үед тус багаас сумын төвийн сургуульд маш цөөн тооны сурагчид суралцах болсон, олон тооны хүүхэд сургуулиас завсардсан зэрэг нөхцөл байдлын улмаас багийн иргэд багтаа бага сургууль байгуулах саналыг сумын Засаг дарга асан Д.Батмөнх, Д.Мишигдорж нар дэмжин сургуулийн захирал Т.Нэргүйд уламжилсаны дагуу тэдний дэмжлэгтэйгээр бага сургуулийг 1993 онд байгуулжээ. Тус бага сургууль нь 1993-1994 оны хичээлийн жилд  2002 оныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, 9 жилийн хугацаанд 4-р ангийг 5 удаа төгсгөжээ. Бага сургуулийн анхны багшаар Д.Цэцэгмаа ажилласан ба түүний дараагаар багшаар Ч.Норжинлхам, Д.Мөнхбат, П.Ганцэцэг, Д.Аюушдулам, Д.Амгалан, Ч.Тогооч, Б.Хандмаа, С.Буянсанж, н.Алтантуяа, н.Гантуяа, Б.Оюунчимэг, н.Лхагвасүрэн, Ж.Чимэдлхам, Ц.Тэрбиш нар өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа малчдын хүүхдийг сургах их үйлст зориулан, нийтдээ 400 гаруй хүүхдэд бага боловсролыг олгосон байна. Тус хугацаанд галч, цэвэрлэгчээр В.Ванданлхүндэв, М.Болд, Д.Бат-өлзий нар ажиллаж байв.

Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мягмар, Г.Батсүх, Г.Төрбат, Ч.Соёмбо, “Тэрхийн ундраа” хоршооллын дарга Ц.Цогтсайхан нар сургуулийн үйл ажиллагааг ихээхэн дэмжин ажиллаж байв.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди гэргийн хамт 1997 онд тус сургуульд айлчлан ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан, сургуулийн үйл ажиллагааны талаар радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүн, сансрын антен, телевизор хандивлаж, сурагчдад гарын бэлэг гардуулж байжээ.

            Тус бага сургуулийг олон жил тогтвор суурьшилтай ажиллахад сургуулийн захирал Т.Нэргүй, Д.Янжмаа, сургалтын менежер Ж.Ариунжаргал нар ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан юм.

Тэрх багийн байгалийн түүхэн дурсгалт газрууд

Мөрөнгийн дуганы буйр (4 дуган байсан туурьтай), Бүлээний дуганы буйр (2 дуган байсан туурьтай), Жаргалантын эхний хадны сүг зураг, Жаргалантын дунд өвөлжөөний хадны зураг, Мөрөнгийн зүүн даваан дах хадны зураг, Мөрөнгийн мааний үсэгтэй чулуу, эртний хүний амьдарч байсан ул мөр бүхий Хэцийн үзүүрийн агуй, Хантаргатын талын хиргисүүр нь тус багийн нутаг дэвсгэрт орших түүхэн дурсгалт газрууд юм.  

Тэрх багийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Хангай сумын байгалийн үзэсгэлэнт 9 газарт Тэрх багийн нутаг дэвсгэрээс Унтаа уул (Уранмандал хайрхан), Ямаатын нуруу багтдаг. Тэрх багийн Байц хэмээх газарт хэдэн жилийн өмнө 10 гаруй аргаль, угалз нүүж ирсэн ба 2021 оны байдлаар 30 гаруй тоотой болсон тул тус газрыг Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт авах саналыг боловсруулаад байна. Тэрх багийн нутаг дэвсгэрт байгалийн үзэсгэлэнтэй олон газрууд байдаг бөгөөд эдгээрээс Дашдагвын нуруу, Дулаан хайрхан уул, Урд эхний Овоон энгэр, Мөрөнгийн Овоон энгэр, Таван тогоон хүнх зэрэг газруудыг дурдаж болно. Тус багийн 2 Овоон энгэр болон Унтаа уулыг нутгийн иргэд тахиж шүтдэг. Тэрхийн урд эхний Овоон энгэр уулыг жил бүр тахидаг ба Мөрөнгийн Овоон энгэр уулыг 1997, 2007, 2013 онуудад нийтдээ 3 удаа, Унтаа уулыг 3 жил тахисан. Унтаа уул, Хантарга, Ямаатын нуруу нь дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн амьдран орших тархац нутаг болохоос гадна тус бүс нутагт янгир, хойлог зэрэг ховордсон амьтад амьдардаг. Мөрөнгийн эх, Байц, Унтаа уулын эхээр хосоор ургадаг дэлхийд ховор вансэмбэрүү цэцэг ургадаг.

Зураг-2. Тэрх багийн Мөрөн

Зураг-3. Унтаа уул

Зураг-4. Малчдын их нүүдэл