БАЯН УЛААН БАГ

Баян-Улаан багийн төв нь Дэлгэрхангай хэмээх газарт байрлах ба сумын төвөөс зүүн урд зүгт 80км зайд оршдог. Өмнө нь 10-р баг гэж нэрлэж байжээ. Шарын өвөлжөөнөөс дээших нутгийг хамруулан байгуулсан бөгөөд 1950-иад оны үед багуудын тоог цөөлөхөд 9-р багтай нийлж, 3-р баг болсон байна. 1950 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөр, 1960 онд Гичгэний 2-р багтай нийлүүлж, “Ардын зориг” нэгдлийн 2-р бригад болгосон. Тус багийг 1992 оноос Баян-Улаан баг гэж нэрлэсэн байдаг. Баян-Улаан баг нь газарзүйн байршлын хувьд хойд талаараа Архангай аймгийн Тариат сум, зүүн талаараа Чулуут сум, өмнөд талаараа Баянхонгор аймгийн Байдраг сум, баруун талаар сумынхаа Гичгэнэ багтай хиллэн оршдог.

Баян-улаан багийн даргаар н.Санжаахүү, Ө.Бавуу, С.Дарамбазар, н.Авирмэд, Лха.Чойжоо, Н.Ирэн, Б.Санжаарагчаа, Ч.Даваадорж, Ц.Ганбаатар, Д.Амгаланбаатар (2012-2020) ажиллаж байсан ба 2021 оноос Ц.Цогтбаатар ажиллаж  байна.

Нутгийн онцлог

            Баян-Улаан багийн нутаг дэвсгэр нь Согоо гулсдаг, Хавчиг, Сөвийн шомбон, Ямаат, Өндөр өтөг, Харзын төмбөн, Түхүү, Гүнжинноров, Бадар аяга зэрэг сүрлэг уулс, хад асга ихтэй өндөр уул нуруудаар хүрээлэгдэн оршихоос гадна Цэцэгт нуур, Хавчигийн ганга, Өртөнт, Баян-Улаан зэрэг үзэсгэлэнт газруудтай юм. Доктор, профессор Ц.Адъяасүрэнгийн санаачлагаар УИХ-ын 1998 оны 28-р тогтоолоор Ноёнхангайн сав газрын тусгай хамгаалалтанд Бүрэг, Завагаас дээших газар нутаг багтсан юм.

            Ширэвгэр, Баян-Улаан, Олгой, Холбоо зэрэг олон нууруудаас гадна Бүдүүний гол, Шуугих, Хицүү ус, Хавчиг, Цагаан сайр, Зоо, Өртөнт, Хамар, Хялзах зэрэг гол, горхиудтай.

            Вансэнбэрүү, Ванжингарав, Алтангагнуур, Алтан хундага, Тэхийн шээг, Хөх дэгд зэрэг эмийн ургамал, хад, үхрийн нүд, тошлой, нэрс, аньс, нохойн хошуу зэрэг жимс, арц, даль, ганга зэрэг анхилуун үнэртэй олон төрлийн ургамал ургадаг.  

Баян-улаан багийн бага сургууль байгуулагдсан түүх

Баян-Улаан баг нь сумын төвөөс алслагдмал, зам харгуй бартаатай учир сумын төвийн сургуульд суралцах хүүхдүүдийн тоо буурсан, олон хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй завсардаж байсан шалтгааны улмаас багийн ард иргэдээс сумын Засаг дарга Р.Батмөнх, сургуулийн захирал Т.Нэргүй нарт санал болгосны дагуу 1993 онд тус багт бага сургуулийг байгуулжээ.

Тус багийн сургууль нь 1993-1994 оны хичээлийн жилд багийн ард иргэдийн өөрсдийн хүч, хөдөлмөрөөр барьсан дүнзэн байшинд хичээллэж эхэлсэн. Анхны багшаар нь ахмад багш н.Чимидцэрэн ажиллаж байжээ. Тус бага сургууль нь 1993-2000 оныг хүртэлх 8 жилийн хугацаанд 80 гаруй сурагчидтай сургалтын үйл ажиллагааг явуулж, 4-р ангийг 3 удаа төгсгөсөн байна. Тус бага сургуульд н.Чимидцэрэн, н.Сумъяажав, Д.Баярхүү, Г.Амгалан, Г.Болорсүрэн, Б.Батчимэг зэрэг олон шилдэг багш нар өөрийн хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулан уйгагүй ажиллан, хөдөлмөрлөж байжээ. 1998-2000 он хүртэл холимог системээр хичээллэж байсан. Тус бага сургуулийн галч, манаачаар Б.Баттулга ажиллаж байв. Тухайн үеийн багийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Даваадорж, байгаль хамгаалагч Л.Бор-Арслан, багийн эмч П.Отгонсүрэн болон нутгийн ард иргэд залуу багш нарыг ажиллаж, хөдөлмөрлөх, сургалтын үйл ажиллагааг явуулахад бүхий л зүйлээр дэмжиж тусладаг байв. Тус сургуулийн үйл ажиллагааг сургуулийн захирал Д.Янжмаа, хичээлийн эрхлэгч Ж.Ариунжаргал нар дэмжин ажиллав.

1999 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж тус багт зочлон ирж, багийн иргэдтэй уулзан, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байв. Тус бага сургуульд суралцах сурагчдын тоо цөөрснөөр 2000 оноос сумын дунд сургууль руу шилжүүлсэн юм.

Улс, аймаг, сумын аварга малчид, саальчид

Тус багийн Улсын сайн малчин н.Шагдаржав мал сүргийн удам, угсааг сайжруулахад ихээхэн анхаарч байсан ба н.Гомбосүрэн малчдад үлгэр жишээ үзүүлж, тэдний маллаж байсан эр хонь 90кг хүртэл жин татаж байжээ. Аймгийн аварга малчин Д.Очирбат, Н.Дамдинсүрэн, бэлтгэл эр үхрийн сумын амьдын жингийн аварга С.Дарамбазар, энх сүрэгтэн Д.Гонгор, 6 мянгат сумын аварга саальчин Д.Бамууцэрэн, н.Янжмаа зэрэг хөдөлмөрийн сайчууд олноор төрөн гарсан байдаг.  

Уяач, харваач, бөх болон дайчид

Тухайн үед сумандаа төдийгүй аймагт түрүү авч байсан Дарамбазарын хээр, Буянбадрахын зээрд халзан, Гонгорын бор азарга, Самдангийн бор зэрэг хурдан хүлгүүд олноор төрөн гарсан байдаг ба улсын мэргэн харваач, н.Дэмбэрэл, сумын заан н.Шагдар, дайчин Д.Чойжоо, Д.Гэндэнжамц, Ш.Лхагваа, Д.Лхамсүрэн зэрэг эрэлхэг ахмадуудаараа нутгийн зон олон бахархдаг юм.