ТАНИЛЦУУЛГА
Эдүгээгийн Хангай сумын оршиж буй нутаг дэвсгэрийг 1921 оноос өмнө Халхын Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны өвөр гол хамжлагын баруун сум хэмээн нэрийдэж байжээ. Гол хамжлагын баруун сум нь 11 багаас бүрдэж байсан ба түүний 7 нь тайж нарын баг, 2 нь саарал адуу, бор адууны баг гэж аж ахуйн нэрээр, 2 нь хатиган, боржигон гэсэн овгийн нэрээр хаяглаж байв. Гол хамжлагын баруун сум нь хойд болон зүүн талаараа өөрийн хошууны гол хамжлага Зүүн сумтай, баруун талаараа Эрдэнэ ван Жонон бэйсийн хошуу, өмнөд талаараа Сэцэн чин вангийн хошуу, Шива ширээт гэгээний шавьтай хил залган оршиж байв.
Цэцэрлэг Мандал аймаг байгуулагдахад 1923 оны 5-р сарын 18-нд хошууны ардын төлөөлөгчдийн хурлаас Бааран, Бор адууны багуудын тайж Жамбал, Сайнхишиг, Янсанжав нарын 3 багтай нийлүүлж, Ар Баясгалант уул сум байгуулжээ. Дараа нь Хангай сумыг 1925 онд Архангай аймгийн Чандмань Өлзийт далай хошууны Ноён хангай, Дэлгэрэнгүй уул, Гичгэнэ гол сумдыг оролцуулан, Ар Баясгалант уул сумаас таслан байгуулж, БНМАУ-ын Бага Хурлын 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Архангай аймаг байгуулагдахад өмнөх орон нутгийн захиргааны хуваарийг өөрчилсөн байна.
Хангай сум нь 3061 хүн амтай, 696 өрхийн арван гэр 69, дөчин гэр 16, хамтрал нэртэйгээр засаг захиргааны бие даасан нэгж болжээ. Тэр үед Хангай сум хойноос өмнө зүг 45 км, баруунаас зүүн зүг хүртэл 90 км үргэлжилсэн 3.4 мянган ам.км нутагтай, баруун өмнөд талаараа Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Гурван булаг, Баруун хойд талаараа Цахир, хойд талаараа Тариат, зүүн хойд, зүүн талаараа Өндөр Улаан, Чулуут сумуудтай хил залган оршиж байв.
Хүн амын бүтэц, нийгмийн анги бүлэглэлийг 1931 оны хуулга дансаар авч үзэхэд эрэгтэйчүүд 46.8%-ийг, эмэгтэйчүүд 53.2%-ийг эзлэж байсан ба хүн амын 96.3% нь ард, 3.7% нь тайж, бүх эрэгтэйчүүдийн 9.2% нь лам нар байжээ. 1934 оны хавар хийгдсэн тоо бүртгэлийн хөл дансаар Хангай сум 8 баг, 709 өрх, 2473 хүн ам, 43617 малтай байв. 1934 оны 5 дугаар сарын 23-25-нд багуудын ардын хурлыг нутаг усны харьяаллаар зохион байгуулахад өрхийн тэргүүлэгчдийн 43-68% нь оролцсон юм. Багийн хурлуудаар төрөөс шашныг тусгаарласан хууль, танилцуулж, улс орныг батлан хамгаалах асуудал, орон нутгийн захиргааг сэргээж байгуулах тухай асуудал хэлэлцэж байжээ.
- Сумын газарзүйн байршил
Хангай сумын төв нь:
- Улаанбаатар хоттой 670 км асфальтан замаар холбогдсон ба “Мянганы зам”-ын төв магистрал замын Урд, Хойд Тэрхийн голын уулзвар дээр баригдсан гүүрнээс урагшаа 30 км зайд оршино.
- Архангай аймгийн төвөөс баруун тийш 220км зайд байрладаг.
Хангай сум нь Архангай аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд байгалийн бүс бүслүүрээр нутаг дэвсгэрийн 50% нь ой модгүй хээр, 50% нь ой мод бүхий ойт, хээр хосолсон онцлогтой. Энд хээрийн бүсийн нөлөө ихээхэн ажиглагддаг болно. Хангай сум нь гадаадын жуулчид их хэмжээгээр аялдаг Хоргын үзэсгэлэнт Тэрхийн Цагаан нуурыг усаар тэтгэдэг Тэрхийн голын урд хэсэгт байрлах ба харамсалтай нь сүүлийн жилүүдэд Тэрхийн Цагаан нуурын усны төвшин 2м хүртэл хэмжээтэйгээр буурсан тухай эрдэмтдийн судалгаа байдаг. Иймд Тэрхийн Цагаан нуурын усны эх үүсвэр болсон Тэрхийн гол болон түүний орчинд мод тарьж, хөрс хамгаалах, ус тогтоон барих экосистемийн үйлчилгээг дэмжих нь хамгаас чухал байгаа юм. Сумын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш 2000 м өндөрт өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл орчим байдаг. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, гүвээ толгод бүхий тал хээр зонхилсон байх тул мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
- Нутгийн хөрс ургамал, бэлчээр ус
Газар нутгийн хэмжээ Хангай сумын нийт газар нутгийн талбайн хэмжээ 438.5 мян.га бөгөөд үүнээс хөдөө аж ахуйн зориулалттай газар 75.7%-ийг эзлэн зонхилох ба тусгай хэрэгцээний газар 13.5%-ийг, ойн сан бүхий газар 10.5%-ийг, усан сан бүхий газар 0.2%-ийг тус тус эзлэнэ (хүснэгт-1).
Хүснэгт-1. Хангай сумын газрын нэгдмэл сангийн ангилал
д/д | Зориулалт | Tалбайн хэмжээ (мян.га) | Эзлэх хувь (%) |
1 | Хөдөө аж ахуйн газар | 332.0 | 75.7 |
2 | Тусгай хэрэгцээний газар | 59.1 | 13.5 |
3 | Ойн сан бүхий газар | 46.1 | 10.5 |
4 | Усан сан бүхий газар | 1.0 | 0.2 |
5 | Тосгон, суурингийн газар | 0.1 | 0.0 |
6 | Зам, шугам сүлжээний газар | 0.2 | 0.1 |
Нийт | 438.5 | 100 |
Сумын нутаг дэвсгэрт өндөр уулын ой, хуш, гацуур, торлог, далан хальс, бургас, тэмээн сүүл зэрэг 30 гаруй модлог ургамал ургадаг. Вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, алтангагнуур, цээнэ, барагшун, жамъянмядаг, таван салаа, бамбайн үндэс, гоньд, арц, даль, хөх шар дэгд, сөд зэрэг эмийн, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, нохойн хошуу, улаалзгана, чонын элэг зэрэг жимсний, зэрлэг сонгино, мэхээр, мангир, хүнхээл болон төрөл бүрийн мөөг, самар зэрэг хүнс тэжээлийн ургамал, олон зүйлийн өвслөг ургамал өнгө алаглаж, хослон ургана.
- Ан амьтан
Сумын нутаг дэвсгэрт аргаль, янгир, халиун буга, согоо, бор гөрөөс, зэрлэг гахай, цоохор ирвэс, шилүүс, мий, дорго, бор гөрөөс, мануул, бадангаа хүдэр, чоно, үнэг, хярс, өмхий үен, хэрэм, туулай, чандага, тарвага, зурам, алагдаахай, сохдоо зэрэг 50 орчим хөхтөн амьтад бий. Баян-Улаан багийн Хавчиг, Махан, Ноёнхангайн БЦГ-ын нутаг дэвсгэр, Тэрх багийн Унтаа, Ямаат зэрэг хад асга бүхий залгаа уул нурууд нь цоохор ирвэсний өлгий нутаг юм. Жигүүртнээс тас, хойлог, харцага, шонхор, шаазгай, шатар шаазгай, тоншуул, болжмор, алаг ятуу, цохируул, элээ, хэрээ, хон хэрээ, ахуунь, хун, галуу, өрөвтас, ангир, хавтгалжин, зуун хурга тэргүүтэй байнгын болон нүүдэллэн амьдардаг. Тэрхийн гол, Баян-Улаан нууранд хайрс, алгана, могой загас, гутаар, зэвэг, цурхай зэрэг олон янзын загас жараахай элбэгтэй.
- Уур амьсгал
Хангай сумын нутаг дэвсгэр хамаарах бүс нутаг нь хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэн өвөлтэй мужид хамрагдана. Хамгийн хүйтэн 1-р сарын дундаж температур -23°С, хамгийн дулаан 7-р сарын дундаж температур +21°С, жилийн дундаж салхины хурд 4-7 м/с, жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 300-400 мм байна. Сүүлийн 15 жилд хүчтэй шороон шуурганы тоо 2-3 дахин ихэсч (гистограмм-1), олон малчин айлын гэрийг эвдэж сүйтгэсэн байгалийн аюултай үзэгдэл тохиолдсоор байна. Шороон шуургатай өдрийн дундаж тоо 28 байна.
- Түүхийн дурсгалт газар
Хангай сумын нутагт олон мянган жилийн эртний хүмүүсийн суурьшин амьдрах хэв ёс орогнож байсан Хэцийн дархан овоохой, Бэлчирийн өндөр овоохой, Хүүшийн агуйг 1956-1958 оны үед Шинжлэх ухааны академийн археологичид олж тогтоожээ. Бүдүүн Гичгэний эхэнд өндөр уулсын хөндийд тэгш дэвсэг газар ялимгүй баруун тийш хазайсан нэгэн хүн чулуун хөшөө бий. Энэхүү чулуун хөшөөг баруун гараа нугалан энгэртээ хундага барьсан байдалтай, задгай энгэртэй дээлтэй, нарийн бүстэйгээр дүрсэлжээ. Энэхүү хүн чулуу нь он цагийн хувьд МЭ-ий 6-8-р зууны үеийн Түрэгийн үед холбогддог байна.
Тус сумын Тэрх багийн Бүлээний хүн чулуу, төвийн Бүлээний аманд Унтаа ямаатын авдрант хөшөө, Тэрх багийн Хэжлүүрийн талд Хөлөртийн амны улаан хиргисүүр, Тэрх багийн Хөлөртийн аманд Хөшөө чулуу, Хужиртын баруун эхийн ам Чандмань толгойн хэрэгсүүр, Чандмань толгой Зоогийн хүрээний балгас, Ар Баясгалан багийн Өлийн амны хиргисүүр, Өлийн амны Ихэрийн хөшөө чулуу, Ноёнхангай багийн Ихэрийн амны хөшөө чулуу, Ноёнхангайн амны хөшөө чулуу, Ноёнхангайн рашаан, Гүнгийн мухарын хиргисүүр, Тэрхийн голын хойно Хавчигийн амны зэс, өнгөт хүн чулууны хөшөө, Баян-улаан багийн Хавчигийн аманд Цэцэгт нуур, Хавчигийн амны хүн чулуу, Цуурайн ам Хэцийн дархан овоохой, Хэцийн эхэнд Бэлчирийн өндөр овоохой, Бэлчирийн эхэнд Хүүшийн агуй, сумын төвд сарлагийн бухын хөшөө, саальчин бүсгүйн хөшөө (1989 онд Улаанбаатарчуудын барьсан бэлэг) Бага тайхир чулуу, Асгат нарийний эхний нуруунд Овоот нуур зэрэг түүхэн дурсгалт газрууд, хөшөө дурсгалууд байдаг.
Байгалийн үзэсгэлэнт газрууд
Хангай сум нь газар зүйн байрлалын хувьд Хангайн уулархаг мужийн Тэрхийн голын усан хагалбараар тогтсон Унтаа ямаат хэмээх нурууны арын уудам хөндий, урд Тэрхийн голын ай сав нутаг, Бүдүүн, Нарийн Гичгэний голын дагуу далайн түвшингээс дээш 2500-3456 метрийн өндөрт өргөгдсөн таг, цармын уулс, ойт хээрийн бүсэд багтана. Нутгийн онцлог нь унаган төрхөөрөө байгаа уулсын хяр, олон сая жилийн өмнө унтарсан галт уулын үлдэгдэл, мөлгөр оройн нуранга асга нь зэрлэг янгир ямаа, аргаль угалзын хөл алдвал гулсан ойчих нарийн жимтэй нуранга асганы доод ирмэгээс үргэлжлүүлсэн хад асга байц цохио бүхий ойн өргөн зурвас, уулын бэл, хормойгоос эхлэн тарвага, зурам бужигнасан тал хээрийн дов толгод, уудам хөндийн гол горхи, нуур цөөрөмтэй байгалийн хэд хэдэн бүсээс бүрдсэн өвөрмөц тогтолцоотой нутаг юм. Олон тооны гол, горхи, бас хэдэн арван булаг шандыг ай савандаа багтаасан. Тэрх, Гичгэнэ гол Хангай, Цахир, Тариат сумын нутгаар урсахдаа 609800 га бэлчээр, хадлангийн талбайг усаар хангадаг юм.
Цасан малгайтай Дашдавга, Түмэнсант, Унтаа ямаат, цавчим оройтой Ангархай, Алтанбумбат, Өндөр модот, Тахилгат хайрхан, Ноён хангай, Хатан хангай, Овоон энгэр, Шар магнай, Баясгалан, Тэмээн сүүл, Дээд, Доод Төмөрт, Тайхарын нуруу, Хушт, Өндөр Дэлгэрэнгүй, Өлзийт зэрэг уулсууд, Тэрх хоёр Гичгэнэ, Унтаа ямаат, Хөх даваа, Ноён хангай, Жаргалант, Хантрагат, Бүлээн, Мөрөн, Хөлөрт, Хужирт, Буйруутын голууд, Цэцэгт, Зоо хунт, Овоот, замаг зуусан чулуутай Бөөр зэрэг 30 гаруй нуур тойром, хол ойрдоо алдартай НоёнХангай халуун рашаан, Ёл Ангархайн хүйтэн рашаан, Цагаан чулуут, Шариач, Хэсэг модны булаг, Гишингийн харз уснуудтай. Аль ч талаасаа харсан үелүүлэн босгосон гэмээр чулуун хана, хэрмэн суврагууд мэт элдэв дүрстэй байц ханан хад, цохио бүхий Цурхат, хойд Туулайн үргэлжилсэн хяр, Ноёнхангай, Хатанхангай, Цэцэгт нуур, Ангархай Ёл, Шунагар зэрэг олонд алдартай үзэсгэлэнт газруудтай. Эзэн байгалиас заяасан алт, уран, цагаан тугалга, төмрийн хүдэр, үнэт чулуу, барилгын түүхий эдийн баялагтай.
Согоо гулсам Дашдагва, Ноёнхангай, Хатан хангай, тахилгат Түмэнсант, уулсын хооронд Ноён хангайн халуун рашаан нь газрын гүний хагарал дагасан чулуурхаг хэсгээс оргилон гардаг азот, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч (бага) бүхий цацраг идэвхтэй, хүний биеийн ойролцоо халуунтай рашааны ундрагууд байдаг. Ойр орчны аймаг сумдын иргэд эрт дээр үеэс эхлэн энэ нутагт ирж, сэрүүн сайхан агаарт нь ядаргаагаа тайлж самар жимс, эмийн ургамал түүж, дотор, үе мөч, нүд, хамар хоолойныхоо өвчнөө тус рашаанаар эмчлүүлдэг уламжлалтай. Дээхэн үед эзэд, ноёд, хатагтай, аги, гүнж, орчин үед төр засгийн сайд, дарга нар өргөө цагаан гэр бариулж, тухлан өвчин эмгэгээ эдгээн илааршуулдаг байжээ.
Социализмын үеийн хэт хувьсгалчид олон жилийн турш судлаж, бүтээсэн эрдэмтэй маарамбуудын тайлбар бичиг (пайз)-үүдийг хураан авч, шатаан устгаснаар ямар рашаан юунд ашигтайг мэдэхэд хүндрэл учруулж, рашаан усны эмчилгээний чанарыг мэдэх ард олны хүслийг хязгаарлаж байсан түүхэн үнэн баримт байдаг. Гэвч нэлээд хөөцөлдсөний дүнд мэргэжлийн ажилтан, эмч, нутгийн зон олны чармайлтаар рашааны сувилгаа, эмчилгээний зориулалт тогтоогдсон байна. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 28-р тогтоолоор “Ноён хангай уул”, “Цэцэг нуурын сав” газрыг Улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн Цогцолбор Газар болгосон нь байгалиа хамгаалах нутгийн зон олны сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон юм.