ГИЧГЭНЭ БАГ

Гичгэнэ багийн төв нь Үхэрчулуут хэмээх газарт байрлах ба сумын төвөөс зүүн зүгт 30км зайд оршдог. Нийт 32.2 мянган га газар нутагтай. Хангай сумын Баян-Улаан болон Арбаясгалан багууд, Тариат сумын Цагаан нуур багуудтай хиллэн оршдог. Тухайн үедээ 8-р баг гэж нэрлэж байжээ. 1950-аад оны үед багуудын тоог цөөлөхөд 2-р баг болгосон ба улмаар нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөр, 1960 онд тус сумын Бүдүүн Гичгэний 3-р багтай нийлүүлж, “Ардын зориг ”нэгдлийн 2-р бригад болжээ. Тус 2-р багийн 1966, 1967, 1976, 1978 онд нийт ажлаараа сумандаа 1-р байр эзлэж, шилжин явах туг, диплом, мөнгөн шагнал хүртэж байв. 1991 оноос тус багийг Гичгэнэ баг гэж нэрлэжээ.

Газар нутгийн онцлог

Тус багийн нутаг дэвсгэрийн онцлог бол нийт газрын ¼-ийг ой мод эзлэх ба Ардаваат, Элстий, Өвөр Даваат, Цуурай, Хушт, Доод даваат зэрэг  өндөр уулс, салбар уул, жалгуудаар хүрээлэгдэн оршино. Усан сүлжээний хувьд Овоот нуур, Тарвагатын нуур, Өлзий жалгын нуур зэрэг жижиг нууруудаас гадна Гичгэнэ, Элстий, Даваат зэрэг гол, горхиуд, Цагаанчулуут, Ташгай, Модот зэрэг булаг шандуудтай. Зөвхөн Гичгэнэ багийн нутаг дэсвгэрийн ой мод бүхий газарт нэрс жимсний бут их, жимс нь арвин ургадгаараа онцлогтой ба тус багийн Хөх Тархит, Элстийн Бурхант, Ар Даваат, Даамаа суваг, Гүн жалга, Заяат, Мухар, Хуштын урд, хойд эхэнд Даваатад нэрс жимс ихээр ургах ба Өвөр Даваат, Цуурайн цагаан нүүр зэрэг газруудад бага зэрэг ургадаг.

Бригадын болон багийн Засаг дарга

Бригадын даргаар Д.Бадамсэд, В.Гончиг, Б.Чогсомжав, Т.Бадамсэд, Т.Жамъянсүрэн, Д.Дагвасүмбэрэл, н.Сараадандорж, Д.Ринчинбазар, Г.Цагаан, Н.Самдан, Г.Дамдиндорж, А.Лувсандагва, Л.Аюурзана, Д.Балганжав, С.Халтар, Ү.Гончигсүрэн, багийн даргаар Б.Баярмагнай, Ж.Очирбат, Ц.Баттулга (2012-2016),  Б.Ганхуяг (2016-2021) ажиллаж байсан ба 2021 оноос Пүрэвбатын Баттулга ажиллаж байна.

Аварга малчид, саальчид

Гичгэнэ багаас аймгийн аварга малчнаар Ж.Бадамсэд, Д.Нямсүрэн, Д.Дашдондов, Ж.Өлзий нар тодорч байв. Сумын аварга малчин, саальчин олноор төрсний дотор 6 мянгат саальчин Ж.Өлзий, П.Чимэддаваа, Я.Дэжид, С.Цэцэгээ, Л.Пүрэвдаваа, сумын аварга малчин Р.Лхагваа, С.Магван, Д.Ренчиндоо нарын сайчууд төрөн гарсан юм. Аймаг болон сумын аварга агентаар Р.Чулуунбат болж байв. 

Аймаг, сумын цолтой бөх болон уяачид

            Гичгэнэ багаас аймгийн заан Б.Гүр, сумын заан Г.Ядамсүрэн, сумын начин Я.Бат-Очир нарын бөхчүүдээс гадна морь уяж, суманд айраг түрүү авч байсан н.Сундуйжав, Ж.Бадамсэд, С.Жамбал, О.Жаргалсайхан, Ж.Очирбат зэрэг уяачид төрөн гарсан байдаг.